МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.
2 дугаар зүйл.Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.
3 дугаар зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж, 2020 оны татварын жилд эдлүүлнэ.
4 дүгээр зүйл.Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд энэ хуулийн 3 дугаар зүйл хамаарахгүй.
5 дугаар зүйл.2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч 2019 оны татварын жилд бүрэн эдэлж дуусаагүй тохиолдолд үлдэх хэсгийг 2020 оны татварын жилээс үргэлжлүүлэн эдлүүлнэ.
6 дугаар зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-д заасан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолно.
7 дугаар зүйл.Хувь хүний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авсан, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан зарчмыг баримтална.
8 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
9 дүгээр зүйл.Энэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ | |
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook |