МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 03 сарын 22 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН
АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.
2 дугаар зүйл.Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.
3 дугаар зүйл.Албан татвар төлөгч 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж эдлүүлнэ.
4 дүгээр зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтоос бусад үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тооцож, албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
5 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө эзэмшсэн барилга, байгууламж, газрын тохижилтын элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулах хугацааг доор дурдсан журмаар тодорхойлно:
5.1.2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу элэгдүүлээгүй үлдсэн жилийн 40 жилд эзлэх хувийг тооцно.
5.2.25 жилээс энэ хуулийн 5.1-д заасан хувиар элэгдэл, хорогдол байгуулаагүй жилийг тооцно.
5.3.Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг энэ хуулийн 5.2-т заасан элэгдэл, хорогдол байгуулаагүй жилд хуваан 2020 оноос эхлэн татварын жил бүр байгуулах элэгдэл, хорогдлын хэмжээг тооцно.
6 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуримтлагдсан татварын тайлангаар гарсан алдагдлыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу ирээдүйд шилжүүлэн тооцно.
7 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2, 3, 4, 6 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
8 дугаар зүйл.Энэ хуулийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ | |
Төв аймгийн Татварын хэлтэс Facebook |